Үүрэн холбооны оператор компаниудаар үйлчлүүлэхэд иргэний үнэмлэх шаардлагагүй боллоо

Монголын цахилгаан холбоо, Мобиком корпораци, Скайтел, Юнител, Мэдээлэл холбооны сүлжээ, Скайнэтворк, Мобиком нэтворкс зэрэг Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж буй оператор компаниуд Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацид энэ оны эхэн үеэс нэгдээд байна.

Тус Ассоциаци нь Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтийг хангахад мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайллыг бий болгоход гишүүдийнхээ оролцоо, бодитой хувь нэмрийг татан оруулах, салбарынхаа өсөлт, тогтвортой хөгжлийг төр, нийгэм, эдийн засгийн бусад салбарын хөгжил, төрийн бодлоготой уялдуулах, төр засгийн болон бодлого, зохицуулалтын байгууллагуудтай үр ашигтай хамтран ажиллагааг бий болгох, гишүүдийнхээ хууль ёсны, нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллах бөгөөд эв нэгдэл, харилцан ойлголцол, нэгдмэл бодлого, нэгдсэн байр суурь, хамтын шийдвэрийг тунхаглаж байгаа болно.

Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацийн гишүүн оператор компаниуд мэдээлэл, харилцаа холбооны зах зээлд томоохон тоглогчдын хувьд салбарын хөгжлийг дэлхийн нийтийн чиг хандлагад нийцүүлэн цогцлооход түүчээлэхийн зэрэгцээ бусад салбарын хөгжил, өсөлтийг дэмжихэд хамтран ажиллах чиглэлээр идэвхитэй ажиллах, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг цахимжуулах төрийн бодлогыг дэмжин хэрэгжилтийг нь манлайлан ажиллахыг зорьж байгаа билээ.

Үүний нэг жишээ нь төрийн үйлчилгээг хялбаршуулах, иргэдэд төрийн цахим үйлчилгээг хүргэх зорилгоор Үндэсний Дата төвийн инженерүүд хөгжүүлж, энэ оноос эхлэн үйлчилгээнд нэвтрүүлсэн Төрийн мэдээлэл, солилцооны “ХУР” системд Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацийн гишүүн Монголын Цахилгаан Холбоо, Мобиком корпораци, Скайтел, Юнител компаниуд нэгдэж байгааг өнөөдөр Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар болон Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газраас батламжилж байна.

Бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангасан мэдээлэл, харилцаа холбооны хамгийн дэвшилтэт, чанартай, найдвартай үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ тэдэнд үйлчилгээгээ хэрэглэхэд илүү амар хялбар, илүү ухаалаг болгоход бас нэгэн алхамыг “ХУР” системд нэгдсэнээрээ хийж байна.

  Манай хэрэглэгчид мэдээлэл холбооны аль ч оператор компаниудаас үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэхгүй ирж болохоор болж байгаа төдийгүй бидний 3.3 сая гаруй хэрэглэгчид маань төрийн үйлчилгээг биднээр дамжуулан түргэн шуурхай, чирэгдэлгүй авах бололцоог бий болгож байгаа юм.

Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацийн гишүүд Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарыг манлайлан хөгжүүлж, нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад олон мянган шинэ боломж бололцоог бий болгож, Монгол Улсын хөгжилд өөрийн эерэг хувь нэмрийг оруулсаар байх болно.