5G technology and Mongolia: Challenge, opportunity, future

Дэлхий даяар мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар төдийгүй аж үйлдвэр, нийгмийн бүхий л салбаруудад хамааралтай нэгэн шинэ тренд үүсээд багагүй хугацаа өнгөрчээ. Тийм ээ, энэ бол 5G технологи.

5G бол өнөөгийн бидний хэрэглэж буй өндөр хурдны хөдөлгөөнт интернетийн 4G/LTE үйлчилгээний дараагийн буюу 5 дахь үе юм. Хамгийн орчин үеийн дэвшилтэт технологийн хувьд дараах давуу талуудыг нь онцолж болно.

1. Хэт өндөр хурдны өгөгдөл дамжуулалт

2. Өгөгдөл дамжуулах асар их хүчин чадал

3. Өгөгдөл дамжуулалтын асар бага хоцрогдол зэрэг юм.

Ийм ч учраас 5G технологи нь дэлхийн өнцөг булан бүрд асар их хүлээлт, найдварыг үүсгээд байгаа билээ.

Гэвч энэхүү “Мөрөөдлийн технологи”-ийг бодит амьдралд

нэвтрүүлэхийн өмнө нэлээдгүй олон асуудлуудыг шийдэх хэрэгтэй гэдгийг

өндөр хөгжилтэй орнууд аль хэдийнээ харуулаад байна.

Т.Хамада

Юуны өмнө 5G технологийг аль хэдийн нэвтрүүлсэн Япон, АНУ, БНХАУ, Их Британи, Европын орнуудад ажиллаж, туршлага хуримтлуулсан хүний нүдээр харахад 5G нэвтрүүлэх төлөвлөгөө, хамрах хүрээний тэлэлт, 5G үйлчилгээний үнэ тариф гэх зэрэг маш олон сорилтууд бэлхнээ ажиглагдаж байсан юм.

Гэхдээ үүнээс илүү хамгийн чухал сорилт бол 5G үйлчилгээний зах зээлийн эрэлт хэрэгцээ бодит амьдрал дээр хараахан дэлгэрээгүй байгаа явдал билээ. Харамсалтай нь КОВИД-19-ийн тархалт ч мөн энэхүү технологийг зах зээлд нэвтрүүлэх явц, хэрэглээний өсөлтөд сөргөөр нөлөөлж байна.

Маш олон үүрэн холбооны операторууд болон үүрэн холбооны дэд бүтэц үйлдвэрлэгч компаниуд хамтран, тухайн орныхоо засгийн газруудынхаа тусламжтайгаар 5G технологи, түүний давуу талуудыг сүр дуулиантай танилцуулсан нь саяхан. Гэвч 5G технологийн олгох төгс шийдлүүдийг хангалттай бүрэн хэмжээнд ашиглахад масс хэрэглэгчийн зах зээл бэлэн биш байгаагаас гадна уг технологийг ашиглаж, үйл ажиллагааны үр өгөөжөө нэмэгдүүлэх бизнесийн салбарууд ч хараахан хөгжиж амжаагүй байгаа нь гол асуудал болоод байна.

Өнөөгийн нөхцөлд зах зээлийн голлох хэрэглээ нь ердөө л мэдээ, мэдээллийг өндөр хурдаар татаж авах хэмжээнд байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл 5G-д түшиглэсэн инновацилаг, шинэ соргог, дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээ масс хэрэглэгчийн зах зээлд нэвтрэх цаг ирээгүй байна гэсэн үг.

5G технологи хэрхэн ажилладгийг тайлбарлахын тулд хэрэглэгч танд зарим технологийн үзүүлэлтүүдийг онцлон танилцуулах нь зүйтэй.

Өмнө дурдсанчлан асар өндөр хурдаар өгөгдөл дамжуулах чадвар дээр эхлээд төвлөрье. Бидний өдөр тутамдаа ашиглаж буй 4G/LTE технологи нь 100 Mbps-ээс хамгийн ихдээ 1 Gbps хооронд мэдээлэл дамжуулах хурдыг үзүүлэх чадалтай байдаг. Харин Мобикомын хувьд ондоо түвшний хэд хэдэн радио долгионы давтамжийг нэгтгэх технологи ашиглан, туршилтын орчинд 220 Mbps хүртэл хурд гарган авсан. Мэдээж хэрэг бодит байдал дээр маш олон хэрэглэгч нэгэн зэрэг 4G/LTE ашигладаг тул дундаж хурд нь ойролцоогоор 20Mbps болж буурдаг. Харин 5G технологийн хувьд 4-20Gbps хүртэлх хурдыг үзүүлэх боломжтой ба энэ нь 4G/LTE технологиос даруй 10 дахин хурдан гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэгээс хоёр цагт татдаг киног ердөө хэдхэн минутад татах боломжтой болох учиртай.

5G ТЕХНОЛОГИ ЯАГААД ИЙМ ӨНДӨР ХУРДЫГ ҮЗҮҮЛДЭГ ВЭ? 

Бидний бие биедээ илгээж буй мессэж, хийж буй дуудлага бүр тухайн хэрэглэгчийн гар утас болон сүлжээ дамжуулах суурь станц хооронд радио долгионы солилцоогоор дамжиж байдаг гэдгийг бид мэднэ. Радио долгион нь “давтамж” болон ”зурвас”-аараа ялгаатай байх бөгөөд түүгээр дамжих 2G, 3G, 4G болон 5G сүлжээнүүдийн онцлогт тааруулан ашиглагддаг. Түүнчлэн, радио давтамж нь олон нийтийн “Wi-Fi”, ФМ Радио болон бусад харилцаа холбоонд ч мөн идэвхтэй хэрэглэгддэг билээ.

Манай орны хувьд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос (ХХЗХ) олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үүрэн оператор компаниуд 4G/LTE сүлжээг 1.8MHz давтамж дээр голчлон ашигладаг. Мөн долгионы давхцал үүсэхээс сэргийлж уг давтамжийг оператор бүрд 10 MHz -20 MHz бүхий өргөн зурвасаар ялгаатайгаар хуваарилж өгсөн байдаг.

Жишээ нь:

• Мобикомын байршуулах (upload) давтамжийн зурвас нь 1735MHz -1755 MHz хооронд, татах (download) давтамжийн зурвас нь 1830MHz – 1850 MHz хооронд (Улаанбаатарт)

• Бусад операторын байршуулах (upload) давтамжийн зурвас нь 1710MHz – 1735 MHz хооронд, татах (download) давтамжийн зурвас нь 1805MHz – 1830 MHz хооронд (Өөрсдийн хийсэн судалгаагаар олж тогтоосон болно)

Харин 4G/LTE технологиос ялгаатай нь 5G технологийг дэлхий даяар 3.5GHz-ээс 4.6GHz болон 27GHz-ээс 30GHz өндөр давтамжаар дамжуулах стандарт тогтоод байна. ХХЗХ нь Монгол улсад 5G технологийг ашиглах давтамжийн тусгай зөвшөөрлийг хараахан олгож эхлээгүй байгаа.

Радио долгионы давтамж гэдэг бол тухайн улсын харилцаа холбооны салбарын

хязгаарлагдмал нөөц баялаг байдаг тул давтамжийн тусгай зөвшөөрлийг

нарийн судалгааны үндсэн дээр үүрэн холбооны операторууд болон

бусад цөөн тооны үйлчилгээ эрхлэгчдэд олгох шаардлагатай.

Т.Хамада

Иймд 5G технологийг зах зээлд нэвтрүүлэх чиглэл, зохицуулалтын бодлого, холбогдох журмуудыг зохицуулагч байгууллагуудаас боловсруулсны үндсэн дээр уг технологийг зах зээлд нэвтрүүлэх чадамж бүхий оператор компанид тусгай зөвшөөрлийг олгох нь зүйтэй.

2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газраас 5G технологийг нэвтрүүлэх бодлогын чиглэлийг батлан гаргасан юм. Улмаар ХХЗХ уг бодлогод үндэслэн 5G технологийн тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй дүрэм, журмыг боловсруулах учиртай. Энэхүү бодлогын чиглэлд 5G технологийн давтамжийн тусгай зөвшөөрлийг 2023 оны “Олон Улсын Радио Харилцаа Холбооны Чуулга Уулзалт”-аас гарах 5G технологийн радио долгионы давтамжийн зөвлөмжүүд болон шийдвэрүүд дээр үндэслэн олгоно хэмээн тусгажээ. Тийм ч учраас Монголын үүрэн операторууд 2023 оноос өмнө 5G технологийн техникийн бэлтгэл байдлаа хангаж, 2023 оны сүүлээс 2024 оны эхэн гэхэд зах зээлд нэвтрүүлэх багцаа харагдаж байна.

Харин радио долгионы давтамж ашигладаг утасгүй харилцаа холбооны хувьд өгөгдөл дамжуулах хурд нь зурвасын өргөний хэмжээнээс ихээхэн хамаардаг.

Бага давтамжийн хувьд боломжит зурвасын өргөний хэмжээ бага байдаг бол их давтамжтай тохиолдолд боломжит зурвасын өргөний хэмжээ их байдаг. Жишээ татаж тайлбарлавал, нарийхан усны хоолойгоор нэг дор татах усны хэмжээ бага учраас удаан соруулдаг бол бүдүүн усны хоолойгоор их хэмжээний усыг богино хугацаанд татах боломжтой. Тиймээс өндөр давтамж бүхий 5G технологи ашигласан ч хуваарилагдсан зурвасын хэмжээ нь хязгаарлагдмал бол бол 4G сүлжээнээс мэдээлэл дамжуулах хурд нь илүү гарахгүй гэсэн үг юм.

ТЭГВЭЛ ЯАГААД РАДИО ДОЛГИОНЫ ӨНДӨР ДАВТАМЖУУДЫГ

(3.5GHZ - 4.6GHZ ЭСВЭЛ 27GHZ - 30GHZ) ОДООГИЙН 4G СҮЛЖЭЭНД АШИГЛАДАГГҮЙ ВЭ? 

Өндөр давтамж нь бага давтамжаас хамаагүй өргөн хүрээтэй, өндөр хурдаар өгөгдөл дамжуулах боломжтой хэдий ч бодит байдал дээр цөөнгүй хүндрэлүүдтэй тулгардаг.

Радио долгионы давтамжийн суурь шинж чанаруудын хувьд авч үзвэл бага давтамж нь хамрах хүрээ их бөгөөд аливаа биет зүйлсийг нэвтлэх чадвар сайтай. Харин өндөр давтамж нь урвуу хамааралтай байдаг. 5G-ийн туршилтаар салхинд хийсэх модны навч ч 27GHz - 30GHz-ийн өндөр давтамжуудад нөлөө үзүүлж байсан бөгөөд барилга байшин нэвтлэх чадвар нь 4G-д ашиглагддаг давтамжаас 10 дахин бага болох нь ажиглагдсан.

Нэг үгээр хэлбэл 5G сүлжээг өргөн хүрээнд нэвтрүүлэх, барилга байгууламж, газар доорх талбай бүрд хүргэхийн тулд нарийн судалгаанд суурилсан оновчтой хөрөнгө оруулалт хийх нь операторуудын хувьд маш чухал юм. Өнөөгийн 2G, 3G, 4G сүлжээгээр хамарсан газар нутгийг 5G-д бүрэн хамруулахын тулд хамаагүй олон тооны станц нэмэлтээр барих шаардлагатай болно. Ийм нөхцөлд хөрөнгө оруулалтын өгөөж болон ашигт ажиллагаа нь мэдээж сөрөг гарна. Тэгэхээр бодит байдал дээр дэлхийн жишгийн дагуу өнөөгийн үүрэн холбооны сүлжээний хамрах хүрээтэй адилаар 5G-гийн хамрах хүрээг өргөжүүлэх боломж огт үгүй гэж хэлж болно.

Монголын хувьд зах зээлийн нөхцөлдөө тохируулан эхний ээлжид нэн шаардлагатай,

тодорхой салбарт эсвэл төвийн бүсийн нэн хэрэгцээ бүхий газруудад

5G сүлжээг нэвтрүүлж эхлэх нь зүйтэй юм.

Т.Хамада

5G сүлжээг анхлан нэвтрүүлсэн Япон, БНСУ, АНУ зэрэг улс орнуудын туршлагаас харахад голчлон 3.5GHz - 4.6GHz давтамжийг ашиглаж байгаа бөгөөд маш ховор тохиолдолд л 27GHz - 30GHz давтамжийг ашиглаж байна. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын өгөөжийг харгалзан үзвэл юун түрүүнд 3.5GHz - 4.6GHz давтамжаар дамжих 5G сүлжээний хамрах хүрээг богино хугацаанд, магадгүй 1-4 жилийн хооронд аль болох өргөн хүрээнд тэлэх нь боломжит хувилбар болоод байна. Харин 27GHz - 30GHz давтамжийн сүлжээг дээр дурдсанчлан хязгаарлагдмал, нэн шаардлагатай газруудад нэвтрүүлэх нь зүйтэй.

БАС НЭГ СОРИЛТ

5G технологийн өөр нэг давуу тал нь хоцрогдол багатайгаар өгөгдөл дамжуулах боломж юм. Харилцаа холбооны салбарт хоцрогдол гэдэг нь нэг цэгээс нөгөө рүү өгөгдөл дамжуулахад хэр хоцрогдолтой очиж байгааг илэрхийлдэг үзүүлэлт юм. 4G сүлжээний хувьд энэ үзүүлэлт 10мм/сек байдаг бол 5G сүлжээний хувьд 1мм/сек буюу 10 дахин бага хоцрогдолтойгоор өгөгдөл дамжуулах боломжтой.

Энэхүү зөрүү нь өдөр тутмын энгийн үйлдэл хийхэд асар бага нөлөөтэй мэт боловч алсын зайнаас машин жолоодох болон мэс ажилбар хийх зэрэг нарийн үйлдлүүдэд үлэмж мэдрэгдэнэ. Хүний амь нас дээсэн дөрөөн дээр хийгддэг мэс ажилбарын хувьд багахан хоцрогдол маш том аюул дагуулах боломжтой. Алсын зайны жолоодлогын хувьд, 10мм/сек хоцрогдол гэдэг бол 60км/цагийн хурдтай явж байгаа машин огцом тоормослоход 15 см илүү явж байж зогсоно гэсэн үг. Харин 5G сүлжээг ашигласнаар эдгээр эрсдэлүүдийг эрс бууруулах боломжтой юм.

5G технологи нь одоогийн 4G-гээс асар их давуу талуудтай ч гэсэн өнөөгийн нөхцөлд асар бага хоцрогдолтойгоор өгөгдөл дамжуулах шаардлагатай үйлчилгээ, нөхцөл байдал бидний амьдралд хэр их тохиолддог билээ гэдгийг бодолцох хэрэгтэй. Дан ганц Монгол гэлтгүй бусад орнуудыг ч авч үзсэн өдөр тутмын амьдралд тулсан хэрэгцээ төдийлөн гарахгүй л байна.

Дээр дурдсанчлан, 5G технологи нь радио долгионыг илүү үр дүнтэйгээр ашиглан таны гар утас, таблет зэрэг ухаалаг төхөөрөмжөөс ойр байгаа 5G станц хүртэл өгөгдөл дамжуулах дэвшилтэт технологи юм. Гэтэл сүлжээ дамжуулах станцаас үндсэн сүлжээний систэм рүү өгөгдөл дамжуулах техник, технологи нь шинэчлэгдэхгүй бол 5G сүлжээний давуу талуудыг мөн л ашиглах боломжгүй.

5G сүлжээний бага хоцрогдлын ялгааг бүрэн мэдрэхийн тулд оператор компанийн үндсэн систэм болон одоогийн 5G суурь станцууд руу татаж байгаа дамжуулах сүлжээний системийг үндсээр нь шинэчлэх хэрэгтэй болно. Хэрэв 5G суурь станц болгондоо сүлжээний сервертэй бол “Edge-Computing” аргыг ашиглан, 5G технологийн давуу талуудыг хэрэгжүүлэх боломжтой. Энэ тохиолдолд магадгүй 5G сүлжээг зарим цаг хугацааны хувьд мэдрэмтгий аж үйлдвэрийн салбаруудад нэвтрүүлснээр үр өгөөжтэй байж болох юм.

5G НЭВТЭРСНЭЭР ЮУ ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ?

Япон улсад үйл ажиллагаа явуулдаг Мобиком Корпорацийн хувьцаа эзэмшигч “KDDI Corporation” нь 5G сүлжээг “NTT Docomo” болон “SoftBank Mobile” гэсэн операторуудтай хамтран Японы 15 мужид нэвтрүүлээд байна. KDDI 2021, 2022 онуудад жил бүр 10’000 орчим 5G-гийн суурь станц байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр 5G сүлжээний хэрэглээ өсөх нь гарцаагүй юм.

Үүрэн холбооны хөгжлийн эхэн үед 1G, 2G сүлжээнд суурилсан товчлуурт утсыг бид ашигладаг байсан. Тухайн үед тасалдалгүй харилцаа л бидний хувьд маш чухал байжээ. Харин 3G сүлжээний нэвтрэлтийн үед технологи илүү боловсронгуй болж, дуудлагын чанар эрс сайжирч, зураг болон богино бичлэг, имэйл илгээх, дуу татах, интернетээс бичлэг үзэх зэрэг энтертэйнмэнт хэрэглээ гар утсанд багтсанаар ухаалаг утасны эрин үе эхэлсэн гэж үздэг. Харин 4G нэвтэрсний дараагаар өгөгдөл дамжуулах хурд эрс сайжирч, кино үзэх, маш олон төрлийн апликейшн ашиглах болсноор ухаалаг утас бидний амьдралын зайлшгүй нэгэн хэрэгцээ болсон. Банк санхүү, цахим худалдаа, үзвэр үйлчилгээг гар утаснаасаа өдөр тутамдаа авч ашиглах болсон нь үүний нэг жишээ.

2020 оноос эхлэн 5G сүлжээний эрин эхэлж шинэ норм болох нь гарцаагүй боловч бидний өдөр тутмын хэрэгцээ шаардлага одоогийнхоос өөрчлөгдөхгүй тохиолдолд 4G сүлжээний хүчин чадал хангалттай байсаар л байна. Өөрөөр хэлбэл 5G нэвтрүүлэх онцын шаардлага гарахгүй гэсэн үг. Гар утасны хувьсал нь бидний ТВ болон интернеттэй компьютерын хэрэглээг ухаалаг утас руу шилжүүлчихсэн учир үүгээр ч зогсохгүй ирээдүйд зах зээлийн шинэ соргог үйлчилгээнүүд ухаалаг утсаар дамжин хөгжих нь гарцаагүй.

Цаашилбал ирэх жилүүдэд ухаалаг утасны дэвшлээс гадна IoT (Internet of Things) буюу “Зүйлсийн Интернет” хэмээгдэх технологи нэвтэрч, эд юмс бүрийг интернеттэй холбон, гар утсаараа удирдах хэрэгцээ бидний амьдралд илүү гүн нэвтрэх цаг айсуй. Чухам энэ шинэ хэрэгцээг нутагшуулахын тулд 5G технологи, түүнийг дагасан үүрэн холбооны суурь сүлжээний сайжруулалтуудыг хийхээс өөр сонголтгүй болно.

5G МОНГОЛД ХЭЗЭЭ НЭВТРЭХ ВЭ?

Өмнө нь хэлсэнчлэн, 5G технологи нь Монголд 2023 оны сүүлээр эсвэл 2024 оны эхээр нэвтрэх хүлээлттэй байгаа. Гэхдээ дараах сорилт, туршлагуудыг зайлшгүй мэдэх хэрэгтэйг ахин онцолъё.

Нэгдүгээрт, дэлхийн зарим улс орнууд 5G технологийг хэдийнээ нэвтрүүлсэн ч хараахан амжилттай болоогүй байна. “Хараахан амжилттай болоогүй байна” гэдэг нь зах зээлд 5G технологийн хэрэгцээ шаардлага бүрэн үүсээгүй, 5G технологийн давуу талуудыг ашиглах боломж нь хараахан бүрдээгүй байна гэсэн үг. Харин жил ирэх тусам бага багаар хэрэглээ нь нэмэгдэх нь тодорхой юм.

Хоёрдугаарт, 5G сүлжээг хүлээн авах чадалтай ухаалаг утас болон бусад ухаалаг төхөөрөмжүүдийн зах зээлийн ханш нь 4G ашигладаг төхөөрөмжөөс харьцангуй өндөр байна. Миний мэдэж байгаагаар “Android” үйлдлийн систэмтэй 5G гар утас үйлдвэрлэгдсэн байгаа ч “iOS”-д суурилсан төхөөрөмж хараахан гараагүй байна. Зах зээлийн үнийн хувьд өндөр үзүүлэлттэй 5G ухаалаг утас ойролцоогоор $1’000 буюу 4G гар утаснаас даруй $200-оор үнэтэй. Харин дундаж үзүүлэлттэй гар утаснууд 2020 оны зун гэхэд $600-$700 үнэтэй борлуулагдаж эхлэх байх. Энэ мэтээр хагас жил тутамд ухаалаг утаснууд илүү сайжирч, мөн үнийн хувьд хямдарснаар хоёрдогч зах зээл дээр ч олдоц нь нэмэгдэх хандлагатай байна.

Гуравдугаар, судалгаанаас үзэхэд 5G үйлчилгээний хязгааргүй дата багцын зах зээлийн үнэ Япон, БНСУ, АНУ-д дунджаар сарын $75. Харин БНХАУ болон Европын орнуудад дунджаар сарын $45 байна. Үүнээс харахад 5G дата багцын үнэ 4G үйлчилгээнээс $10-$20 үнэтэй харагдаж байна. Үүрэн холбооны операторуудын хувьд үйлчилгээний үнэ тогтооход юун түрүүнд зах зээлийн хэрэгцээ шаардлага, мөн хөрөнгө оруулалтын өгөөж чухал байдаг. Хэрэв зах зээлийн хэрэгцээ шаардлага их байвал үйлчилгээний тарифыг багаар тогтоож болох ч хэрэгцээ бага тохиолдолд бизнесийн ашигт ажиллагааны үүднээс үйлчилгээний тарифыг өндрөөр тавихаас өөр сонголтгүй.

Дэд бүтцийн тоног төхөөрөмжийн хувьд харилцаа холбооны операторууд өөрсдийн тоног төхөөрөмжөө дэлхийн хэмжээний үйлдвэрлэгчид болох “Huawei”, “Ericsson”, “Nokia”, “ZTE”-ээс худалдан авч байна. Мэдээж хэрэг 5G сүлжээний нэвтрүүлэлтийн эхэн үед дэд бүтцийн тоног төхөөрөмжүүдийг өндөр үнээр худалдан авах боловч дэлхийд улам танигдаж, нэвтрээд ирэхийн хэрээр цаашдын үйл ажиллагааны зардал, үйлдвэрлэлийн өртөг нь жилээс жилд буурна.

Тийм ч учраас яарч хөрөнгө оруулалт хийлгүйгээр, үйлдвэрлэлтийн өртөг багассан үед нь тоног төхөөрөмжийн худалдан авалтаа эхлүүлбэл хөрөнгө оруулалтын хувьд ч, үр өгөөжийн хувьд ч ашигтай байх болов уу. Тэгснээр хэрэглэгчдэдээ ч боломжийн үнээр үйлчилгээгээ хүргэх нөхцөл бүрдэх юм.

Тийм ч учраас яарч хөрөнгө оруулалт хийлгүйгээр, үйлдвэрлэлтийн өртөг багассан үед нь тоног төхөөрөмжийн худалдан авалтаа эхлүүлбэл хөрөнгө оруулалтын хувьд ч, үр өгөөжийн хувьд ч ашигтай байх болов уу. Тэгснээр хэрэглэгчдэдээ ч боломжийн үнээр үйлчилгээгээ хүргэх нөхцөл бүрдэх юм.

Дээрх шалтгаануудын улмаас хэрэглэгчдийнхээ, салбарынхаа, оператор компаниудынхаа эрх ашгийг бодолцож үзэж, 2023 оны сүүлээр эсвэл 2024 оны эхээр ХХМТГ-ын гаргасан бодлого дээр суурилан 5G сүлжээг Монголд нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тэр хүртэлх 3 жилийн хугацаанд зах зээлийн дижитал шилжилтийг түргэсгэж, хэрэглэгчдийн дижитал хэрэглээг нэмэгдүүлэх, ингэснээр 5G технологийн бүхий л давуу талууд болон гайхалтай шийдлүүдийг бүрэн бүтэн ашиглах бололцоо бүрдэх нь дамжиггүй.

Мэдээллийн эх сурвалж: https://unread.today/c/techworm-5g