ДИЖИТАЛ ХӨГЖЛИЙН ХАМТАРСАН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БА ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ, УРИАЛГА

                                                                 

 

COVID-19 ҮЕИЙН ХЯМРАЛЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ:

ДИЖИТАЛ ХӨГЖЛИЙН ХАМТАРСАН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БА ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ, УРИАЛГА

Дэлхийн банк,  Олон улсын цахилгаан холбооны байгууллага(ITU), Дэлхийн үүрэн холбооны операторуудын ассоциаци(GSMA), Дэлхийн эдийн засгийн форум(WEF)-аас хамтран Ковид-19 цар тахлын үед  халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх,  олон нийтийн зайны харилцааг дэмжих, бизнесийн тогтвортой байдлыг хангах, төрийн үйлчилгээний хүртээмжийг сааруулахгүй байхад дижитал технологи болон харилцаа холбооны дэд бүтцийг хэрхэн ашиглах тухай олон улсын онлайн хэлэлцүүлгийг 2020 оны 4 дүгээр сарын 21-нд Улаанбаатарын цагаар 21.00 цагаас мэдээлэл, харилцаа холбооны өндөр түвшний албан хаагчдын дунд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Дэлхийн улс орнуудын Сангийн яам, Мэдээлэл, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах байгууллага болон хөрөнгө оруулагчид, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл нийт 321 хүн оролцлоо. Монгол Улсыг төлөөлж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга Б.Биндэрьяа, Харилцаа холбооны зохицуулах хорооны Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнаран, Дэлхийн банкны Ухаалаг засаглал төслийн зохицуулагч Ч. Нургул, Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн Гүйцэтгэх захирал У.Тамир нар тус тус оролцлоо.

Дэлхийн банкны Дэд бүтэц хариуцсан дэд ерөнхийлөгч Махтар Диоп (Makhtar Diop),  ОУЦХБ-ын Харилцаа холбооны хөгжлийн албаны захирал Дориен Богдан-Мартин (Doreen Bogdan-Martin), Дэлхийн Үүрэн холбооны операторуудын ассоциацийн ерөнхийлөгч  Мац Гранрид (Mats Granryd), Дэлхийн эдийн засгийн форумыг төлөөлж Дерек ОХаллоран (Derek O’Halloran) нар оролцож панел хэлэлцүүлгүүдийг удирдан явууллаа.

Урьд өмнө тохиолдож байгаагүй Ковид-19 цар тахлын үед Засгийн газар, хувь хүмүүс, бизнес эрхлэгчдэд зайгаа барих, өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэн авч байх, бизнесийн тасралтгүй байдлыг хангах боломжийг ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИ л олгож байна. Ковид-19 цар тахал дэгдсэнээс үүдээд одоогийн байдлаар нэг тэрбум гаруй оюутан, сурагчид сургуульдаа явахгүй байгаагаас тэдэнд зайны сургалт, аюулгүй орчин шаардагдаж байна. Дата хэрэглээ зарим улс оронд 2-3 гурав дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор харилцаа холбооны сүлжээний ачаалал хурдтай нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцэн сүлжээнд гарсан халдлагууд 150 хувиар нэмэгдсэн байна.

Өнөөдар найдвартай, хүртээмжтэй өргөн зурвасын холболт нь улс орнуудад хувь хүмүүсийг зайнаас эдийн засгийн харилцаанд оролцох боломжийг хангаж, цар тахлаас үүдэлтэй хямралыг даван туулахад, илүү сайн бэлтгэлтэй байхад  чухал нөлөө үзүүлэх болно. Нэг талаас иргэд, эрүүл мэндийн ажилтнууд, эмнэлгүүд дижитал сүлжээг бүх талаар ашиглахад хурдан суралцах, харин харилцаа холбооны операторууд дижитал дэд бүтцийн тогтвортой бэлэн байдлыг хангах асуудал чухлаар тавигдаж байна. Өнөөдөр дэлхий дахинд 3.9 тэрбум интернет хэрэглэгчид, тэдгээрээс 3.3 тэрбум гар утсаараа интернетэд холбогдох боломжтой байгаа ч дэлхийн хүн амын бараг тал нь дижитал технологиос хол хэвээр байна. Тиймээс бид бүгдээрээ хүмүүст, бизнест, улс орнуудад боломжоос нь үл хамааран хоорондоо холбогдоход нь туслах шаардлагатай байгаа тул энэхүү хэлэлцүүлгээр хамтран хэрэгжүүлэх асуудлуудаа хэлэлцэж, дараах чиглэлээр төлөвлөлт хийхээр санал нэгдлээ. Үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөөнд Ковид-19 цар тахлын хямралд хариу арга хэмжээг дараах таван зорилтын авч үзэх нь зүйтэй гэж үзлээ.

  •  Зорилт 1: Сүлжээний найдвартай байдлыг хангах, уян хатан, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  •  Зорилт 2:  Дижитал үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хүн амын зайны харилцааг дэмжих
  •  Зорилт 3: Олон нийтийг дэмжихэд хамгийн их нөлөөлж буй бизнес болох финтек болон дижитал бизнес загваруудыг бэхжүүлэх,
  •  Зорилт 4:  Онлайнаар итгэлцэл, нууцлал, аюулгүй байдлыг таниулан сурталчлах,
  •  Зорилт 5:  Цахим эрүүл мэнд, теле-эмнэлэг, их өгөгдлийг хөшүүрэг болгох ашиглах

Засгийн газар, Зохицуулагчдын зүгээс ОУЦХБ-аас гаргасан удирдамж, зөвлөмжийн дагуу онцгой нөхцөл байдлын, болзошгүй хямралын үеийн төлөвлөгөөгөө боловсруулж, үндэсний хэмжээнд хэлэлцүүлэх шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцлон тэмдэглэж, үйл ажиллагааны төлөвлөгөөг ойрын буюу 0-3 сарын хугацаанд, богино буюу 3-6 сарын хугацаанд хийх нь зохистой гэж үзэж, дараах үйл ажиллагааны дарааллыг санал болгосон.

Нэг. Ойрын буюу 0-3 сарын хугацаанд Сүлжээний тогтвортой байдлыг чиглэлээр, өргөн зурвасын хүртээмжийг сайжруулахад сүлжээ, дэд бүтцийг хуваалцахыг зөвшөөрөх, технологийн олон янзын шийдлүүдийг хэрэгжүүлэх, бизнесийн шинэлэг загваруудыг турших боломжийг олгож, тусгайлан радио давтамжийн нөөцөөс богино хугацааны лицензийг олгох, төлбөрөөс хөнгөлөх, лиценз сунгах, шинэчлэх хугацааг хойшлуулах, хөдөө, орон нутагт сүлжээ байгуулах, өргөтгөхөд нь дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүдийг төлөвлөж болно. Гааль, логистикийн үйл явцыг боловсронгуй болгох, сүлжээний тоног төхөөрөмжийг зайлшгүй шаардлагатай дэд бүтэц гэж үзэж, нийлүүлэлтийн сүлжээг тасралтгүй хангах асуудлыг төлөвлөгөөнд тусгах нь чухал. Богино буюу 3-6 сарын хугацаанд сүлжээний сайтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх,  шинэ сайт, суурилуулалтын ажлыг шуурхай хийх боломжийг олгох төлөвлөлт багтана.

Хоёр. Ойрын буюу 0-3 сарын хугацаанд Дижитал үйлчилгээний хүртээмжтэй байдлыг хангах чиглэлээр хямралын үед сүлжээний боломжийг ухаалагаар, хариуцлагатайгаар ашиглахыг олон нийтэд системтэйгээр, тогтмол сурталчлах, өргөн зурвасын сүлжээнд нэвтрэх үйлчилгээг авах боломжгүй хэрэглэгчдэд үүрэн холбооны урьдчилсан төлбөрт үйлчилгээг түгээх, тусгай үйлчилгээ, вэбсайтуудад үнэгүй, хөнгөлөлттэй тарифаар эмзэг хэрэглэгчдийг нэвтрэхийг дэмжих зэрэг арга хэмжээг төлөвлөж болно. Ингэхдээ Засгийн газар, Зохицуулагчдын зүгээс зохицуулалтын төлбөрөөс хөнгөлөх, бизнесийн саад болон санхүүгийн дарамтыг багасгах, үйлчилгээ эрхлэгч операторуудын энэ талаарх санал санаачлагыг дэмжин урамшуулах арга замыг сонгох нь үр дүнтэй. Богино буюу 3-6 сарын хугацаанд зарим тусгай үүрэг, татварыг багасгах төлбөр, хураамжийг бууруулах, чөлөөлөх эсвэл хойшлуулах зэргээр зохицуулах, эцсийн хэрэглэгчдийг санхүүгийн хүндрэлээс гарах бодлогыг хэрэгжүүлэх, харилцаа холбооны операторуудад зээл өгөх, зээлийн баталгаа гаргаж өгөх, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн зорилго, зорилтыг дахин авч үзэх зэрэг асуудлуудыг авч үзэх нь зүйтэй.

Эцэст нь хэлэлцүүлэгт оролцогчсод улс орнуудын Засгийн газрууд, зохицуулагчдыг  дижитал шилжилтийг дэмжих стратегийг чухалчлан ойрын хугацаанд онцгой байдлын үеийн арга хэмжээний төлөвлөгөөг хувийн хэвшлийнхэнтэй зөвлөлдөн боловсруулж, үйл ажиллагаагаа идэвхижүүлэхийг уриаллаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

www.worldbank.org/en/news/statement/2020/04/21/the-world-bank-wef-gsma-and-itu-mobilized-in-the-fight-against-covid-19